Five Questions: IBM-ын Баасандорж

Бааска ахын сонирхолтой яриа...

Five Questions: IBM-ын Баасандорж

Технологийн манлайлагчидтай ярилцах Five Questions булангийн анхны зочноор IBM, Enterprise зэрэг АНУ-ын томоохон компаниудад мэдээллийн технологийн чиглэлээр амжилттай ажиллаж буй Н.Баасандорж гуайг онцолж байна.

Таны одоогийн албан тушаал болон хийдэг ажил?

Би Red Hat Ansible хөгжүүлэгчийн ажлыг Kyndryl/IBM Global Technology Service/ компанид хийдэг. Энэ компанид 8 дахь жилдээ ажиллаж байна. Сервер комптьютерүүдийн тохиргоо болон дээр нь ажиллах програм хангамжуудыг удирдах, тохируулах Server Configuration Management System бас цаашилбал Технологийн дэд бүтэц өөрөө код шиг ажиллах боломжтой Infrastructure as Code (IaC) гэдэг ойлголтонд багтдаг системүүд байдаг. Эдгээр системүүд нь өөрийн програмчлалын хэлтэй байдаг бөгөөд Red Hat Ansible нь эдгээр хэлнүүдийн нэг нь болно.

Компьютерийн ухаанд яаж дуртай болсон бэ?

Аав ээж маань математикийн багш хүмүүс учир багаасаа ийм орчинд өссөн болохоор шинжлэх ухааны чиглэлээр мэргэжлээ сонгоход амар байсан. Тэгээд их сургуульд орсон хойноо шимтэн дурлаж компьютерийн лабаас салахаа байсан даа. Анх GWBasic тэгээд Pascal хэл дээр код бичиж байсан. Хамгийн дуртай хичээл маань мэдээлэл зүйн мэргэжлийн хичээлүүд, үүн дотроос өгөгдлийн бүтэц хичээлд их дуртай байсан. Энэ хичээлээр үзэж байсан ойлголтууд competitive programming гээд өнөө үед яригдаад байгаа шилдэг алгоритм бичиж өрсөлддөг олимпиадын төрлийн бодлогуудыг бодох аргачлал юм л даа.

Компьютерийн ухаанд суралцах явцад хийгээд одоогийн ажилд тань тулгардаг хамгийн том бэрхшээл, сорилт гэвэл?

Технологийн хурдтай өөрчлөлтийг зарим системүүд гүйцэхгүй, хурдан шинэчлэлт хийж амжихгүйгээс болоод хоорондоо зохицож ажиллах боломжгүй нөхцөл үүссэнээс болж ойлгомжгүй гэмтэл их гардаг. Тийм үед л нилээн их сорилттой тулгардаг гэхүү дээ. Тухайлбал үйлдлийн системийн шинэчлэл заримдаа дээр нь ажиллаж буй програмын ашиглаж буй санг шинэчлэж оролт гаралтыг өөрчилсөнөөс болж хэвийн үйл ажиллагаа нь доголддог, мөн аюулгүй байдлын програм хангамжууд ч гэсэн хамгаалалтын дүрэм нь ажиллах үедээ урьдчилан тооцоолоогүй шинээр үүссэн нөхцөлөөс болж гажиг үүсгэн үйлдлийн системийг бүхэлд нь гацаах үе байдаг.

АНУ ын мэдээллийн технологийн  компаниудад 500 орчим залуучууд Монгол улсаа төлөөлөн амжилттай ажиллаж байна. Энэ тоог 10000 хүргэж байж эдний дундаас дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг CEO нүүд төрөх болно гэдэг итгэж явдаг.

Н.Баасандорж, Enterprise Holdings компанийн инженер

Таны ажиллаж буй салбар дахь сонирхол татсан технологи, шинэ чиг хандлага?

Өнөө үед үүлэн технологи, хиймэл оюун, их өгөгдөл ашиглан хүмүүсийн өдөр тутмын амьдралд тохиолдож буй асуудлуудыг  гар утасны програмаар шийдэхээс гадна мөн уг технологиудыг ашиглан хотын дэд бүтцийг ухаалгаар удирдах, ухаалаг машиныг жолоодох, аж үйлдвэрт ухаалаг робот хэрэглэх, анагаах ухааны салбарт оношилгоонд ашиглах гээд маш олон салбарт нэвтэрчихлээ. Үүнийг дагаад их хэмжээний мэдээллийг нэг газарт төвлөрүүлэн хурдтай боловсруулахад сүлжээний хурд ачааллаас болоод удаашрах хүндрэл үүсэж эхэлсэн учир Edge Computing буюу мэдээллийн эхлэл цэгт ойрхон ажиллах боломжтой өндөр хүчин чадлын, бага оврын, зардал багатай төхөөрөмжийн хэрэгцээ их үүссэн байна. Энэ чиглэлээр саяхан IBM компаниас 2nm chip гаргачихлаа. Энэ нь 7nm chip нээс 45 хувь хурдан, 75 хувь бага тог хэрэглэнэ. Мөн IBM/Redhat компаниас бага оврын ийм төхөөрөмжүүд дээр ажиллах боломжтой Redhat 8.4 үйлдлийн систем гаргав. За тэгээд Quantum Computing гээд компьтерийн цоо шинэ эрин үе хэрэглээнд ороод эхэлчихлээ.

Компьютерийн ухаанд суралцах сонирхолтой хүүхэд залууст өгөх таны зөвлөгөө?

Интернэтээр дүүрэн өөрийгөө хөгжүүлэх боломжтой мэдээллийн технологийн онлайн сургалтын системүүд бий болсон. Тэгэхээр ийм боломж байгаа дээр цагийг үр бүтээлтэй өнгөрөөж өөрийгөө энэ чиглэлээр системтэйгээр хөгжүүлээд, энэ салбарт амжилт гаргах боломж хүн болгонд тэгш олгогдсон байгаа шүү гэж захимаар байна. АНУ ын мэдээллийн технологийн  компаниудад 500 орчим залуучууд Монгол улсаа төлөөлөн амжилттай ажиллаж байна. Энэ тоог 10000 хүргэж байж эдний дундаас дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг CEO нүүд төрөх болно гэдэг итгэж явдаг.  Иймд залуучууд маань хувь хүний санхүүгийн эрх чөлөөнөөс гадна дэлхийд өрсөлдөх сайн мэрэгжилтэн болж улс орныхоо эдийн засаг, ирээдүйд хувь нэмэр болох хүсэлтэй бол энэ салбарт олноороо орж суралцаж, ажиллахыг л хүсмээр байна.

Leave a comment