Технологийн манлайлагчидтай ярилцах Five Questions буландаа энэ удаа Microsoft, Oracle зэрэг АНУ-ын томоохон компаниудад програм хангамжийн чиглэлээр амжилттай ажиллаж буй Б.Жамсрандоржийг онцоллоо.
Таны одоогийн албан тушаал болон хийдэг ажил?
Миний бие одоогийн байдлаар Oracle компанийн үүлэн технологи болох Oracle Cloud Infrastructure-н Vulnerability Scanning багт ахлах програм хангамжийн инженерээр ажилладаг. Үүний өмнө Microsoft компанид хоёр жил мэргэжлээрээ ажилласан.
Компьютерийн ухаанд яаж дуртай болсон бэ?
10-н жилд байхаасаа компьютер форматлах, ээждээ ажлын юм шивэхэд нь туслах гэх мэт байдлаар анх компьютертэй танилцсан. 10-н жилээ төгсөөд ШУТИС-н програм хангамжийн ангийг сонгохдоо компьютер дээр удаан тоглож болох юм байна гэдэг байдлаар хөнгөн шийдвэр гаргасан, мөн манай эцэг эх ч компьютер дээрээ сайн юм чинь энэ салбар болох юм байна гэж дэмжсэн. 2, 3-р курсээсээ мэргэжлийн хичээлүүддээ дуртай болж тэр цагаас хойш бараг компьютер тоглохоо байж мэргэжлээ илүү ойлгож эхэлсэн. Оюутан байхдаа PHP, Javascript, HTML зэрэг веб технологиуд ашиглаж жижигхэн application хийж бусад хүмүүст түүнийгээ зарж орлоготой болж байсан.
Компьютерийн ухаанд суралцах явцад хийгээд одоогийн ажилд тань тулгардаг хамгийн том бэрхшээл, сорилт гэвэл?
Манай салбарт байнга л шинэ зүйл гарч байдаг. Тэр болгоноос хоцрохгүй байх нь өөрөө нэг бэрхшээл мэт хааяа санагддаг. Хэдэн жилийн өмнө гарсан зүйлээ гартаа оруулаад явж байлаа гэхэд, үргэлжлүүлээд сурах юм нэмээд аль хэдий нь гараад ирчихсэн байдаг. Бас нэг технологи нь ойролцоо хэд хэдэн төрлөөр дотроо бага зэрэг ялгаатай байдлуудаар хөгжүүлэгдсэн байх нь нийтлэг тул зөвхөн нэг зүйл сурлаа гээд дуусчихдаг зүйл биш. Жишээ нь: Cloud технологи дээр жишээ авахад: Microsoft Azure, Amazon AWS, Google GCP, болон Oracle OCI гэх мэт.
Одоогийн ажил дээр гарч буй бэрхшээл гэвэл security-тэй холбоотой багт ажиллаж байгаа тул энэ талруугаа гүнзгий сурах шаардлага гарч ирж байна, өмнө нь generic software engineer хийж байсан бол одоо илүү нэг чиглэл рүү гүнзгийрч байна гэх юмуу даа.
Програмчлалын хэл мэддэг боллоо гээд software engineer болчихгүй тул мэргэжлийн сууриа сайн сураарай гэж зөвлөмөөр байна.
Жамсрандорж, Senior Software Engineer at Oracle
Таны ажиллаж буй салбар дахь сонирхол татсан технологи, шинэ чиг хандлага?
Саяхан Cloud технологи гэдэг зүйл buzzword төдий байсан бол одоо ажилд орох нэг шаардлага болж ирж байна. Сүүлийн үед Multi Cloud хэмээх ойлголт эрчээ авах болсон. Зөвхөн нэг Cloud provider-с хараат байх бус, нэг нь уналаа гэхэд нөгөөдөхийг нь бэлэн ашиглаад явах жишээний. Том компаниуд аль хэдий нь нэвтрүүлээд эхэлсэн.
AR, VR, Metaverse гэх үгнүүд одоо эд моодонд орж байна, тун удахгүй зөвхөн buzzword байхаа больж ажилд орох шаардлага болохыг ч үгүйсгэхгүй.
Компьютерийн ухаанд суралцах сонирхолтой хүүхэд залууст өгөх таны зөвлөгөө?
Програмчлалын хэл (C#, Java, Python, Javascript гм) мэддэг боллоо гээд software engineer болчихгүй тул мэргэжлийн сууриа (алгоритм, data structures, database management гм) сайн сураарай гэж зөвлөмөөр байна. Үүний дараагаар салбар дотроо юунд гүнзгийрэх вэ? Гэдгээ эртхэн олж мэдэж, тэр чиглэлрүүгээ аль болох эртнээс сураарай. Мэдэхгүй чадахгүй бүтэхгүй мэт санагдах үе зөндөө тулгарна гэхдээ ард нь гарсны дараа харахад их жижигхэн зүйл байдаг шүү гэж захимаар байна.