Дэлхийн компьютерийн шинжлэх ухааны боловсролын чуулган болох CSEdCon 2022 арга хэмжээ АНУ-ын Флорида мужийн Fort Lauderdale хотноо есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Дэлхийн өнцөг булан бүрээс компьютерийн шинжлэх ухааны боловсролын бодлого тодорхойлогчид, хөтөлбөр боловсруулагчид, багш нар болон бусад мэргэжилтнүүд урилгаар хүрэлцэн ирж чуулдаг уг арга хэмжээнд Монголыг төлөөлж Codercub академийн үүсгэн байгуулагч М.Золбаяр оролцов.

Компьютерийн шинжлэх ухааныг бусад байгалийн ухааны хичээлүүдийн адилаар дунд сургуулийн хөтөлбөрт тусгах хөдөлгөөн хөгжингүй орнуудад эрчимтэй өрнөсөөр байгаа билээ. АНУ-ын ахлах сургуулиудаас компьютерийн шинжлэх ухааны хичээл албан ёсоор хөтөлбөртөө багтаасан сургуулийн тоо 2022 онд 53 хувьд хүрснээр (2018 онд 35 хувь байсан) Америкийн ахлах сургуулиудын дийлэнх нь компьютерийн шинжлэх ухааны сургалттай болж байна гэсэн үг юм. Жишээ нь Миссисипи мужид гэхэд нийт ахлах сургуулиудын 65 хувь нь компьютерийн шинжлэх ухааны хичээл зааж байгаа ба энэ тоо 2018 онд 28 хувь байсан нь уг үйл явц хэр хурдацтай өрнөж байгаагийн илрэл юм.
Мөн АНУ-ы мужуудын талаас илүү хувь нь компьютерийн шинжлэх ухааныг ахлах сургуульд заавал үзэх хичээл болгосон байна. Жишээ нь Арканзас мужид сурагч бүр компьютерийн шинжлэх ухаанын 1 кредит хичээл үзэж байж төгсөнө гэсэн үг юм.
Манай улсын боловсролын цөм хөтөлбөрийн хувьд мэдээлэл зүйн хичээлийг дунд ангиас эхлэн судалдаг боловч шинжлэх ухаан бус хэрэглээ талаас нь түлхүү заадаг нь туйлын учир дутагдалтай юм.