Хүүхэд компьютер програмчилж сурах уу? Энэ асуултыг эцэг эхчүүд тавих нь олон. Компьютерийн шинжлэх ухаан, програм хангамж гэдгийг зөвхөн их сургуульд л заадаг, сурахад хүнд сэдэв, насанд хүрсэн хүн л сурах боломжтой гэх хоцрогдсон ойлголт манай нийгэмд байдаг. Тэгвэл дэлхий нийтийн боловсролын чиг хандлага хүүхдийг аль болох багаас нь технологийг хэрэглэгч биш бүтээгч өнцгөөс харж сурахад түлхүү анхаарах болсон байна.
Австрали улсын Шинэ Өмнөд Уэйлс муж бага ангид, бүр цаашилбал цэцэрлэгийн хүүхдүүдэд компьютерийн шинжлэх ухааны үндсэн ухагдахуунуудыг заах шинэ шинжлэх ухаан, технологийн хөтөлбөрийг заавал үзэх хэлбэрээр хоёр жилийн өмнө тусгаж өгсөн байна. Уг хөтөлбөрийн тухайд:
~ Цэцэрлэгээс хоёрдугаар анги хүртэл Scratch хэл ашиглан дарааллын тухай ойлгох, өгөгдлийг зураг диаграмаар дүрслэх
~ Гурав, дөрөвдүгээр ангид өгөгдлийг төрөлжүүлэн ангилж сурах
~ Тав, зургаадугаар ангид тоон системүүд өөр хоорондоо хэрхэн уялдаж ажилладагийг ойлгох, жижиг видео тоглоом хийх
~ Долдугаар ангиас эхлээд ерөнхий програмчлалын хэлийг (Python гэх мэт) заавал үзэх гэсэн байна.
Ерөнхийдөө 1–6-р ангид дүрс эвлүүлэх замаар програм зохиодог блок суурьт програмчлалын хэл, 7-р ангиас дээш код бичих замаар програм зохиодог ерөнхий програмчлалын хэл үзнэ гэсэн үг. (Програмчлалын хэлнүүдийн тухай эндээс уншина уу.)
Гэтэл манай улсын хувьд энэ тал дээрх шинэчлэл туйлын хангалтгүй байгаа ба ерөнхий боловсролын хөтөлбөрт технологийн бичиг үсгийн тайлагдлыг (technology literacy) тусгасан байдал нь долдугаар ангийн хүүхдүүд дөнгөж компьютер асаах, шивэх, хэрэглээний програмуудыг нээж ажиллуулах төдий байгааг теле хичээлүүдээс харж болно. Технологийн сургалтаар монгол хүүхэд дэлхийтэй хөл нийлүүлэх боломжийг өнөөдөр хувийн ганц хоёр сургууль, цөөн хэдэн кодинг сургалтууд л олгож байгаа нь энэ орон зайг нөхөж чадахгүй байгаа.
Өндөр хөгжилтэй улс орнууд хүүхдэд код заахыг хэрхэн чухалчилж байгааг дээрх жишээ харуулж байна. Тэгвэл технологит суралцахад хүүхдэд ямар ач холбогдолтойг авч үзье.
Технологийн бичиг үсгийн тайлагдал
Өнөө цагийн хүүхэд хүссэн хүсээгүй тоон технологитой багаасаа харьцаж өсч байна. Ухаалаг утас, видео тоглоом, интернэт, бүр роботууд ч тэдний амьдралын нэг хэсэг болсон байж магадгүй. Технологи хэрэглэж сурах нэг хэрэг, харин цаад шинжлэх ухааных нь талаар ойлголттой болсноор технологийн бичиг үсэгт тайлагдана. Дээр дурьдсан технологиудын хөдөлгөгч хүч нь ид шид биш ердөө л програм хангамж, өөрөөр хэлбэл хэн нэгний бичсэн код юм. Хүүхдүүд ч гэсэн код сураад зөвхөн технологи хэрэглэх биш, өөрсдөө технологи бүтээгчид болж болохыг тэдэнд мэдрүүлэх нь чухал ач тустай.
Асуудал шийдвэрлэх чадвар ба тооцоолох сэтгэхүй
Том асуудлыг жижиг хэсгүүдэд хувааж үе шаттайгаар шийдвэрлэх нь ямар ч салбарт хэрэглэдэг аргачлал билээ. Аливаа даалгаврыг бүтцийнх нь түвшинд харж хэсэг тус бүрээр нь шийдвэрлэх нь уг даалгаврыг цогцоор нь шийдэх гарц юм. Програм зохиоход эхлээд шаардлагатай алхмуудын жагсаалтыг толгойдоо бодож гаргах нь нэг ёсондоо алгоритм зохиох үйл явц ба энэ нь шийдлийн суурь болж өгдөг. Мөн жижиг асуудлыг шийдвэрлэх логик, зүй тогтлыг (pattern) таньсанаар тэдгээрийг илүү ээдрээтэй асуудлуудад дахин ашиглаж сурна. Эдгээрийг тооцоолох сэтгэхүй буюу computational thinking гэнэ.
Бүтээлч сэтгэхүй
Бага гэлтгүй өөрөө сэдэж бүтээсэн жижигхэн аппликейшн тухайн хүүхдийн оюуны бүтээл, сэтгэлгээний илэрхийлэл байдаг. Би сурагчдынхаа зарим шийдэл, анимейшныг хараад гайхаж бахархах сэтгэл төрдөг. Компьютерийн шинжлэх ухаанд нэг асуудлыг шийдэх хэдэн ч арга байх боломжтой ба тухайн хүүхдийн өөрийн ур ухаан, мэдрэмжийг нь кодоороо илэрхийлж санаанд оромгүй шийдлүүдийг гаргаж ирсэн байхыг харах үнэхээр урамтай. Тиймээс код бичих нь сурагчдад хамгийн хөгжилтэй хэлбэрээр суралцах боломж олгоно.
Шаргуу, хичээнгүй болох
Анх код бичээд л тэр нь шууд ажилчихна гэж хэзээ ч байдаггүй, алдаа заавал гарна. Тэр болгонд кодон дээрээ дүн шинжилгээ хийж алдааг засах (debug) хэрэг гарна. Код бичиж эхэлж буй хүүхдийн хувьд үр дүнгээ заавал харах эрмэлзэл төрдөг ба энэ нь эргээд тэдэнд боломж эрэлхийлэх, няцашгүй оролдлого хийх сэдэл төрүүлдэг байна.
Багаар ажиллаж суралцах
Бусадтай хамтарч багаар ажиллах, харилцааны чадварт суралцах нь ямар ч ажлын байрны гол үзүүлэлт мөн. Манайх мөн хүүхдийг багаар бичил кодинг төслүүд дээр хамтарч ажиллах дадалд сургадаг бөгөөд энэ нь ганцаараа ажилласнаас илүү үр дүнтэй нь ажиглагддаг. Тухайлбал чөлөөт сэдэвт төслийн хүрээнд хамтарч асуудлыг шийдвэрлэдэг, хамтдаа суралцдаг учир багаар ажиллаж буй хүүхдээс илүү сонирхолтой бүтээлч санаа гардаг.
Хичээлдээ дур сонирхолтой болох
Код бичиж өөр өнцгөөс тархиа ажиллуулах нь хичээлдээ дургүй болсон, эсвэл өөртөө итгэлгүй болсон сурагчдад урам зориг өгдөг болох нь судалгаагаар батлагдсан. Мөн байгалын ухааны хичээлүүдэд дур сонирхолгүй хүүхдэд шинжлэх ухааныг шинэ арга замаар таниулахад тустай ба код сурсан хүүхэд математик зэрэг хичээлүүдээ ойлгож дур сонирхолтой болох нь элбэг ажээ.
Ирээдүйн карьер
Код бичих нь дан ганц компьютерийн инженер, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээр хязгаарлагдахгүй цаг үе улам бүр ойртсоор байна. Мэдээллийн эрин зуунд өгөгдөлд бие даан дүн шинжилгээ хийх чадвар бүх салбарт давуу талыг авчрах болсон. Ямар ч сургууль, ажилд орох өргөдөл өгөхөд компьютерийн хэлээр ярьдаг бол таны үнэлэмж эрс дээшилнэ.