Гүүглийн Eric

Гүүглийн Eric

Image Copyright: Business Insider

“Технологийн одод” цувралын энэ удаагийн постоор ноён Eric Schmidt-г онцолж байна. Эрик Гүүгл компанийн гүйцэтгэх захирлаар 10 жил ажиллахдаа уг компанийг цахиурын хөндийн жирийн стартапаас дэлхийн технологийн манлайлагч болгосон гавъяатай нэгэн юм.

Эрик бизнесийн удирдах түвшний мэргэжилтэн боловч угтаа инженер хүн юм. Анх Принстоны их сургуульд архитектураар суралцахаар элссэн ч цахилгааны инженерээр төгсөж байв. Уг нь компьютераар сурмаар санагдсан боловч тэр үед компьютерийн шинжлэх ухааны анги гэж тусдаа байгаагүй гэдэг. Харин сүүлд тэрбээр UC Berkeley буюу алдарт Калифорнийн их сургуулийг компьютерийн шинжлэх ухааны магистр, залгаад PhD хамгаалж төгссөн байна.

2001 онд Гүүглийн залуу үүсгэн байгуулагчид болох Ларри Пейж, Сергей Брин нар компанийн үсрэнгүй өсөлтийг хангах корпорацийн бүтцийг бий болгож манлайлан ажиллах гүйцэтгэх захирлыг хайж байсан ба Эрик тэдний ярилцлагад шууд “тэнцсэн” байна. Ийнхүү Эрик гүйцэтгэх захирлаар ажиллах дараагийн арван жилд хайлтын систем гэсэн ганцхан бүтээгдэхүүнтэй Google гэдэг стартап анхны үүлэн технологит тулгуурласан имейл болох Gmail, ухаалаг утасны үйлдлийн систем Android, дэлхийн шилдэг газрын зурагны апп, видео платформ болох YouTube гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх буюу худалдан авах замаар бүтээгдэхүүний үндсэн портфолиог бий болгож олон мянган ажилтантай томоохон корпораци болсон юм. 2011 оноос Эрик гүйцэтгэх захирлын ажлыг Ларрид шилжүүлсэн ба дараагийн есөн жил Гүүглд менежментийн болон техникийн зөвлөх албуудыг хашиж 2020 онд ажлаа бүрмөсөн хүлээлгэн өгсөн байна.

Эрик Шмидт нь 2011 онд Монголд айлчилж байв.

#КодСурцгаая!

Leave a comment